"Миний ЯНАГ машин" гэхээр та олон л зүйлийг бодож байгаа байх. Машины хувьд ЯНАГ хоёр талтай. Эхнийх нь янагийн сайхан машин. Шинэ, эвдэрдэггүй, үнэтэй, ховор, эзэндээ зохиж тодотгосон... гэх мэт таныг бусдын өмнө өөрийгөө хүндэлдэг хүн гэдгийг илтгэх итгэлт хүлгийн тухай яригдана. Дараагийнх нь таныг "ЯНАГЛАДАГ", бусдын өмнө нүүрийг тань улайлгаад уулзвар дээр унтарчихдаг, шатахууныг үнэрлэдэггүй "залгилдаг", хүйтэн, шороо тоостой, "түрүүлдэг" ямбий машин гэсэн үг. Түрүүлдэг гэхээр түрүүлж давхидаг гэж бүү бодоорой, олуулаа нийлж амьсгаадан түрж асаадаг машиныг хэлж байна. Аль нь ч байлаа гэсэн та эзэн нь тул танаас бүх зүйл хамаарна. "Миний янаг машины" блог ч бүхэл дээ энэ тухай ярилцаж, зөвлөлдөж, зөвлөж, туслах зорилго агуулсан цуврал өгүүллүүдээр дүүрэн байх болно. Та ч гэсэн туршлага, бодол саналаа бусадтайгаа хуваалцан блог-ны маань хамтрагч болоорой.
Ингээд Round#1. "Миний янаг машин"-тай болох нь.
- "Миний янаг машин"-тай болохын өмнө танд ямар машин зохих вэ гэдгийг сайтар бодож шийдээрэй. Өндөр хүн жижигхэн машинд "швейцарь" тонгорог шиг гурав дөрөв нугарч орох, тарган хүн жолоо суудлынхаа хооронд багтахгүй янцаглах, жолооныхоо дээгүүр толгой нь харагдахгүй шахам жижигхэн охин данхар жийпээр "эзэн нь хаана яваад байна аа" гэж бусдад хэлэгдэн хэлэгдэн явж байх аль нь ч гэсэн ер хаашаа ч юм бэ дээ гэмээр байдаг шүү...
- Машин хэрэглэх зорилгоо тодорхойлох маш чухал. Гангарах уу, өдөр тутмын ерийн хэрэглээнд унах уу, машинаар хийдэг бизнест хэрэглэх үү гэх мэт.
- Та хэрэв байраа зараад ч юм уу, хүнээс мөнгө зээлж ч юм уу, эсвэл лизингээр "Миний янаг машинаа" аваад түүгээр бизнес хийж төлнө гэж бодож байгаа бол жаахан нухацтай бодож шийдэхийг сануулъя. Учир нь машинтай хүн маш олон болсон, таны бодсоныг бусад хүмүүс аль хэдийн хийгээд туршлагажсан байгаа. Мөн гай газар дороос гэгчээр зам тээврийн осол, аваар, хүсээгүй эвдрэл таны олж болно хэмээн мөрөөдөж тооцоолсон орлогыг олуулахгүй болгож шатах вэ гэж санаа зовсон доо учирлан бичлээ. Үнэхээр зөв бодож тооцсон бол машин авахад юу нь буруу гэж.
- Яаран бүү худалдаж аваарай. Таны анхаарлыг аль хэдийн татсаар байгаа загвар хийцийн машиныг унаж эдэлж буй хүмүүсээс ичиж нэрэлхэлгүйгээр асуугаарай. Тэд жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг ёстой бүгдийг нь хэлж чадна шүү.
- Шинэ загварын машиныг бусдаас түрүүлж аваад гангарахаар шийдсэн бол та өөрийгөө туршилтын туулай болгож байгаа гэдгийг бас бодох л зүйл.
- Манайхан өнчин загварын машин гэгч нэгэн ойлголтыг бий болгосон. Энэ нь нийтээр нэг их хэрэглэдэггүй загвар гэсэн үг. Ийм загварын машинууд сэлбэг нь олддоггүй олдлоо ч үнэтэй, захиалах гэж явдал чирэгдэл удна. Мөн захиалаад ирсэн сэлбэг нь таарахгүй байх тохиолдол түгээмэл. Ганцхан сарын өмнө хойно үйлдвэрлэгдсэн харахад ижилхэн машины эд ангиудыг хооронд нь таарахгүйгээр хийсэн байдаг. Худалдааны арга л даа. Иймээс сэлбэг захиалга мэрэгжлийн ажил болсон зүйл шүү. Энэ талаар дараа тодотгоно. Та дэндүү онцгойрох гээд өнчин загвар сонгохгүй байлгүй дээ одоо мэддэг болсон юм чинь.
- Машин сонгохдоо CD, DVD changer-тэй хөгжим, телевизор, ганган суудлын бүрээс, элдэв гоёо, колпак, толь зэрэгт хууртан нүдээ таглуулаад "Миний янаг машиныхаа" үндсэн хэрэглээ болох явдаг техник гэдгийг анхааралгүй орхиж болохгүй шүү. Том алдана.
- Хадгалах саваа урьдчилан бодсон байх нь зөв. Гараашийн тухай. Худалдаж авсан яг тэр оройноос л босож ирдэг асуудал.
- Аль болох шинэ, шинэвтэр машин сонго. Автомашин үйлдвэрлэгчид ихэнх эд ангиудын эдэлгээний хугацааг шинжлэх ухааны үндэстэйгээр туршилт судалгаанд тулгуурлан маш нарийн тооцоолж үйлдвэрлэдэг болсон. Бүгд л жигд элэгддэг гэсэн утгатай юм. Нэгийг нь засаад болчихлоо гээд эргээд харахад нэг хэсэг эд анги танаас мөнгө нэхээд байж байх бий...
- Болбол зөв талдаа жолооны хүрдтэй машин сонгоорой. Олон зүйл дээр хэрэг болно.
- Авах машинаа хэний нэр дээр байлгахаа сонгосон уу. Мөнгө шингээлт ихтэй хөрөнгө тул хожим маргаан гарахгүйгээр шийдэх нь танд хэрэгтэй.
- Худалдаж авмагц баримт бичгийг шилжүүлэн бүрдүүл. Үүн дээр аман тохироо хийж алгуурласнаас худалдсан, худалдан авсан хоёр заамдалцаж, шүүхдсэн тохиолдол зөндөө байдаг.
- Оношилгоо. техникийн улсын үзлэг, даатгал бүгдийг хийгээрэй. Замын цагдаад боорлуулан зогсох нь таныг их арчаагүй харагдуулна.
- "Миний янаг машинаа" унахад таны жолоодох эрхийн үнэмлэх, түүнд бичигдсэн үг үсэг бүр яв цав таарч байх ёстой. Өөртөө тааруулж машин сонгохын яг эсрэг машиндаа таарч та өөрөө бэлтгэгдсэн байх ёстой.
Энд зургийг нь тавьсан машинууд аль үйлдвэрлэгчийн ямар машинууд болох, тэдэнд ямар нийтлэг шинж чанар байгааг олж www.automarket.mn веб хуудасны сэтгэгдэл бичих хэсэгт хариугаа ирүүлээрэй.
Үнэн зөв хариулт ирүүлж чадсан эхний 10 оролцогч Standart авто төвийн хөнгөлөлтийн шар картны эзэн болж "Миний ЯНАГ машинаа" 5%-ийн хөнгөлөлттэй засвар үйлчилгээ хийлгэх эрхтэй болно. Асуух зүйл байвал d.jamts@yahoo.com -д И-мэйл бичих буюу 99013026 утсанд хандана уу.
Нэгдүгээр раундыг амжилттай давсан бол "Таны янаг машинаа" унаад харц дээгүүр хөдөл дөө. Харц дээгүүр гэдэг нь өөртөө итгэлтэй гэсэн утгаар хэлэгдлээ. Дээшээ хараад замаа бүү анхаар гээгүй шүү...
Таны алтан шар зам тань өлзийтэй байг!
"Миний ЯНАГ машин" авто зөвлөлгөө №2
Япон автомашины сэлбэг захиалгад чухал шаардлагатай арал, VIN, хөдөлгүүрийн дугаарыг авах зааварчилгаа
1. Капот онгойлгох
2. Хөдөлгүүрийн зүүн болон баруун гар талын арын хэсэгт байрлах жижиг самбарыг хайн олох.
3. Уг самбар дээрх мэдээллийг зурагт үзүүлсэн дарааллаар нямбай хуулж авах.
Фирм /та єєрийн машиныг vйлдвэрлэсэн фирмийг сонгоно уу/
Моделийн нэр /Жишээ: Land Cruiser/
Модель /Жишээ: HZJ81V-RNMNS/
Кузовын дугаар /Жишээ: HZJ81-6306120/
Үйлдвэрлэсэн он
Хурдны хайрцаг /Автомат Механик/
Хөтлөгч /2WD 4WD/
Жолоо /Баруун Зүүн/
Сэлбэгийн нэр …………
Захиалах сэлбэгийн тоо…………..
Жинхэнэ сэлбэгийн тухай асуулт
Жинхэнэ сэлбэг хэрэгсэл юугаараа сайн бэ?
Ийм сэлбэг нь яг автомашиныг угсрах шугам дээр тавигддаг шиг чанартай тул сайн. Уг машиныг үйлдвэрлэдэг үйлдвэр ба түүнтэй хамтран ажилладаг заводад хийгдсэн байдаг. Таны машинтай бүрэн дүүрэн нийлж тохирох баталгаатай тул хамгийн өндөр чанар, гэмтэлгүй ажиллах урт хугацааг танд бэлэглэнэ.
Жинхэнэ сэлбэг юугаараа муу вэ?
Юуны өмнө үнэ нь жинхэнэ биш болон гэрээний сэлбэгийнхээс өндөр байдаг. Түүнээс гадна гадаадад захиалаад ирэхийг хүлээх шаардлагтай байдаг. Үүнээс өөр дутагдал илрээгүй.
Жинхэнэ сэлбэгийг яагаад заавал гадаадад захиалж нийлүүлэх болдог вэ?
Японы автомашины аж үйлдвэр өөрийн эрч далайц ба олон төрөл байдал, загварын асар өргөн хэлбэр болон тэдгээрийг хурдан хурдан шинэчлэдэгээрээ дэлхийг донсолгож байгаа билээ. Ийм болохоор зөвхөн Тоёота-гийн каталогт гэхэд л хэдэн сая сэлбэгийн нэр байдаг юм. Тийм олон сэлбэг хэрэгслийг нэг газар, бүр Японд өөрт нь ч гэсэн төвлөрүүлэх гэдэг бодит биш бөгөөд ганц нэг сэлбэгийн худалдаачин хийж бардаг ажил биш ээ. Зарим нэг компани, ялангуяа үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч болсон компаниуд өөрийн агуулахад хамгийн их хэрэгтэй байдаг сэлбэгийг хадгалж байх нь бий. Гэхдээ бэлэн байгаа ийм сэлбэгийн үнэ маш өндөр байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Том агуулахтай байна гэдэг их зардал шаардана шүү дээ. Хэрэв хэрэгтэй сэлбэг чинь тэр агуулахад байхгүй бол бас л гадагш нь захиж авчруулах болно.
Сэлбэгийг нийлүүлэх хугацаа яагаад ойролцоо байдаг вэ?
Сэлбэгийг захиалан нийлүүлэх ажилд биднээс хамаарахгүй цаг улирлаас эхлээд хууль журам өөрчлөгдөх гэх мэтийн олон хүчин зүйл нөлөөлдөг юм. Тийм учраас захиалгыг яг өдөр цагаар биелүүлэх боломж бага байдаг билээ. Дундачаар захиалгыг биелүүлэх хугацаа хоёр долоо хоног байдаг бөгөөд бид аль болох хэрэглэгчдийгээ хохироохгүйн төлөө ажилладаг юм.
Жинхэнэ ориг сэлбэгийг хэрхэн захиалах вэ?
Япон автомашин бүрийн эд анги бүхэн нь үйлдвэрлэгчийн лавлах каталогийн дагуу өөрийн гэсэн хувийн дугаартай байдаг. Захиалга өгөхийн тулд таны сонирхож байгаа эд ангийн дугаарыг мэдэх нь хангалттай юм. Энэ дугаарыг цахим каталогийн дагуу эрж олоод түүнийхээ дагуу дурын сэлбэгийн дэлгүүрт захиалга өгч болно. Ийм захиалгыг юмаа сайн мэддэг мэргэжлийн хүмүүс голдуу өгдөг. Ингэж захиалснаар та хамгийн сайн үнэ ба хамгийн бага хугацааг олж сонгох боломжтой боловч дугаараа зөв тодорхойлж чадахгүй бол илүү эрсдэлд унах аюултай байдаг. Яагаад гэвэл сэлбэгийн дэлгүүрүүд таны захисан дугаарын эд ангийг л авчрах бөгөөд өөр харицлага хүлээхгүй юм. Дугаараа зөв сонгосон гэдэгтээ итгэлгүй байгаа юм уу, эсвэл бат найдвартай болгохыг хүсвэл нэр хүндтэй сэлбэгийн дэлгүүрийн сайн мэргэжилтнүүдэд хандаж болно. Эсвэл та манай вэб хуудсан дахь захиалгын хуудсыг бөглөөд явуулбал манай менежерүүд тантай холбогдон танд чухам ямар эд анги хэрэгтэй байгааг тодруулан өгөх болно. Энэ тохиолдолд хэдийгээр нэмэлт ажил, манай менежерийн зөвлөлгөө хэрэгтэй болох боловч та яг л өөртөө хэрэгтэй тэр сэлбэгийг хүлээн авах юм.
Жинхэнэ сэлбэг хэрэгсэлд ямар баталгаа өгдөг вэ?
Шинэ сэлбэг хэрэгслийг тавьж суурилуулах нь өндөр мэрэгшлийн ажиллагааг шаарддаг бөгөөд мэргэжлийн үүднээс угсарч чадаагүй бол уг сэлбэг болон машины өөр эд ангийг жагсаалаас бүрэн гаргаж болох юм. Тийм учраас захиалж өгч байгаа сэлбэгийн баталгааг машин үйлдвэрлэгчээс тухайн ажлыг хийх лиценз авсан тусгай зориулалтын автосервисийн төвд суулгаж угсарсан нөхцөлд л гаргаж өгдөг байна. Хэрэв заводын гологдол илэрсэн бол эд ангийг солих юм уу, эсвэл мөнгөө буцааж авахын тулд сервис төвийн гаргаж өгсөн дагалдах бичгийг хавсаргах ёстой.
Өөрийн машины кузовын өнгө, угсралтанд тохирсон эд ангийг хэрхэн захиалах вэ?
Гадна талын хуванцар эд ангиуд \бампер, ар талаа харах толины суурь гэх мэт\ нь капотын дотор талд байх хүснэгтийн дагуу яг таны машины өнгөтэй ижил захиалагдах бөгөөд хэрэв тэд нь өөр өнгийнх хэрэгтэй \машин чинь өмнө өөр өнгөөр будуулсан зэрэг\ бол түүнийгээ захиалгандаа тусгайлан хавсаргах ёстой юм. Харин кузовын төмөр эд ангиуд \капот, крыло, хаалга, ачааны таг гэх мэт\ будахад бэлэн болгож өнгөлсөн “нүцгэн хар төмөр”, байдлаар будаггүй нийлүүлэгддэг. Шил, жийрэг, бэхэлгээ, гоёл зэрэг бусад эд анги тусдаа захиалагдана.
Шинэ сэлбэг захиалах үед кузовын номер, капотын доор байх хүснэгтийн өгөгдэхүүн яагаад хэрэгтэй болдог вэ?
Зарим машины эзэд тухайн сэлбэг машинд нь тохирох эсэхэд хангалттай мэдээллийг зөвхөн кузовын дугаарын эхний хэсэг хангалттай гэж боддог. Энэ нь буруу юм. “Королла зуу”, “кузовын дугаар АЕ 100” зэрэг нь таны машины загварыг хангалтгүй гаргадаг. Тийм машин хэдэн арав, хэдэн зуу ч байж болох бөгөөд энэ машиныг үйлдвэрлэсэн өөр өөр жилд өөр өөр загварт өөр өөр эд анги тавьсан байж болно. Кузовын эд ангийн хувьд энэ нь нэлээд их байдаг. Таны машинд завод нь яг ямар эд анги угсарсныг тодорхойлохын тулд капотын доор байдаг хүснэгтийн бүх өгөгдэхүүн \буруу жолоотой машинд VIN \, заримдаа MODEL ч хэрэгтэй болдог байна. Зөвхөн эднийг мэдэж байж л тухайн эд анги миний машинд яг тохирно гэж баттай бодож болно. Тийм учраас залхууралгүй капотаа онгойлгоод энэ тоонуудыг заавал бичиж авах хэрэгтэй.
Зарим нэг эд анги яагаад бэлтгэн нийлүүлэгчийн маркаар биш өөр маркаар нийлүүлэгддэг вэ?
Машин үйлдвэрлэгчид зарим тохиолдолд маркетингийн нарийн биш арга хэрэглэн өөрийн ориг сэлбэгийг худалдааны тусгай тэмдэгтэй болгон зардаг. Энэ нь тэдэнд жинхэнэ биш сэлбэг худалдах явдалтай өрсөлдөн тэмцэхэд хэрэгтэй байдаг ажээ. Тэхээр жишээ нь зарим тохиолдолд HONDA–ийн сэлбэг материалын сав баглаан дээр та энэ фирмийн нэрийг олж харж чадахгүй. Тэд нь HAMP гэсэн барааны тэмдэгтээр зарагддаг байна. Энэ нь Honda AfterMarket Parts гэсэн нэрийн товчилбор бөгөөд “Хондагийн худалдаанд гарсны дараах үйлчилгээний эд анги” гэсэн үг юм. Тоёотагийн ийм бараа “Drive Joy” ба “Castle” тэмдэгтээр зарагддаг боловч “TOYOTA Genuine Parts” гэсэн бичиг байж байх жишээтэй. Nissan-ы хувьд ийм зорилгоор “PitWork” гэдэг барааны тэмдэгт ашиглагддаг байна.
Түүнээс гадна фильтр, ремень, хаалганы резинэн эдлэл, тоормосны наклад, амортизатор, шил, гадна эд анги, свеча зэрэг олон сэлбэгийг үйлдвэрлэгч нь өөрөө биш боловч түүнтэй хамтардаг үйлдвэрт үйлдвэрийн хяналтын дор хийдэг нь үнэн. Яг ийм эд анги угсрах шугамд тавигддаг учир тэд нь бүрэн утгаар жинхэнэ ориг сэлбэг мөн юм. Тийм эд анги болон сав баглаан дээр нь хоёр нэр, жишээлбэл, “Mitsubishi Motors Genuine Parts” ба “Mitsuboshi Belts” гэсэн нэр байх болно. Эсвэл TOYOTA Genuine Parts гээд доор нь TOKICO гэж байх жишээтэй.
Японоос сэлбэг захиалбал та бүтээгдэхүүний чанарт хамгийн өндөр шаардлага тавьдаг япончууд өөрсдөө дотоодын зах зээл дээр олж авдаг яг тийм л эд ангийг олж авах болно гэдгийг бид баталж байна. Харин манайд амьдралын төвшин японыхоос их доогуур тул бид жинхэнэ ориг сэлбэгээс гадна бас шинэ ориг биш сэлбэгийг санал болгож чадна.
Би Toyota–ийн жинхэнэ сэлбэгийг захисан боловч Daihatsu for Toyota-ийн сэлбэг хүлээж авлаа. Үүний учир юу вэ?
Daihatsu нь бие даасан фирм мөн боловч түүний хяналтын багц нь Toyota-д хамаарах тул Daihatsu загварынх мөн адил Toyota-ийн гэж худалдагдах бөгөөд жинхэнэ сэлбэгийг нь Daihatsu үйлдвэрлэдэгт гайхах юмгүй.
Би жинхэнэ сэлбэгийг үйлдвэрлэгчийн фирмийн каталогиос эд ангийн жинхэнэ дугаарыг тодорхойлж захисан боловч өөр дугаартай эд анги хүлээж авлаа учир юу вэ?
Жинхэнэ сэлбэгийн зах зээл нэг байрандаа зогсож байдаггүй бөгөөд завод нь шинэ машин гаргах, угсрах шугам солих, эд ангийг нийлүүлэгч шинэчлэгдэх бүрт машины өгөгдөхүүний бааз ба түүний сэлбэгийн каталоги шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Каталогийн дугаар нэгтгэгдэж, тухайн жилд нэг өөр дугаартай гарч байсан сэлбэгийн оронд өнөөдөр өөр дугаартай яг тийм сэлбэг гарч болно. Дугаар солигдох нь мөн чанарт хамаагүй бөгөөд үнэ ч өөрчлөгддөггүй.
Зарим эд анги цагийн уртад ганц нэгээр үйлдвэрлэгдэхээ больж, бусад холбогдох сэлбэгийн хамт набор маягаар \энэ нь голдуу шайб, резин зэрэг үндсэн эд ангитай хамт солигддог сэлбэг байна\ нийлүүлэгддэг. Энэ тохиолдолд наборын үнэ нэмэгдэж, түүний дугаар нь эд ангийнхаас зөрөх боловч уг сэлбэг тань түүн дотор заавал байх болно.
Би жинхэнэ сэлбэг захисан боловч ирсэн нь миний машинд одоо байгаатай адилгүй байна. Энэ ямар учиртай вэ?
Таны машины өмнөх эзэн нь сайжруулахын тулд илүү үнэтэйг, эсвэл хэмнэхийн тулд илүү хямдханыг шилж жинхэнэ биш эд анги тавьж байсан байх. Ийм явдал ихэнхдээ гаднах эд анги, явах анги зэрэгт гардаг.
ЖИНХЭНЭ БИШ СЭЛБЭГТ ГАРДАГ АСУУЛТ
Жинхэнэ биш сэлбэг юугаараа сайн бэ?
Жинхэнэ биш сэлбэгийг үйлдвэрлэгч нь өөрөө биш харин янз бүрийн улс оронд байгаа өөр фирмийн заводууд лицензээр, бас заримдаа лицензгүйгээр ч үйлдвэрлэдэг. Жинхэнэ биш сэлбэг нь үндсэндээ байнга элэгдэж хорогддог ба хэсэг хугацааны дараа солихыг шаарддаг сэлбэг ремень, колод, проклад, подшипник, амортизатор зэрэг байдаг.
Жинхэнэ биш сэлбэгийн үндсэн давуу тал бол түүний хямд үнэ мөн. “Жинхэнэ биш” сэлбэг нь хангалттай чанартай байх боловч жинхэнээсээ хэд дахин доогуур үнэтэй байх нь ч бий. Жинхэнэ биш сэлбэг худалдддаг олон нийлүүлэгчид нэг зэрэг бас машин хийдэг заводын албан ёсны зэрэгцэн үйлдвэрлэгч байж, угсрах шугаманд нэлээд чанартай эд анги өгч байдаг байна. Ийм барааг худалдан авснаар та жинхэнэ сэлбэгийн чанарт дөхөхүйц чанарыг мэдэгдэхүйц хямд үнээр авна гэсэн үг. Танд жинхэнэ биш сэлбэгийг санал болгохын өмнө бид түүний бүх сайн ба муу талыг жигнэн үзээд эргэлзээтэй нийлүүлэгчдээс зайлсхийн үнэ ба чанарын зохистой харьцааг ямагт барьж байх болно.
Жинхэнэ биш сэлбэг юугаараа муу вэ?
Японы маш их өндөр шаардлагатай дотоод зах зээл дээр нийлүүлэгддэг жинхэнэ сэлбэгийг бодвол тэд нь гол төлөв чанарыг гол болгодоггүй харин хямд үнийг түлхүү анхаардаг гадаад зах зээлд чиглэсэн байдаг. Тэгэхлээр энд юуны өмнө, чанар нь доголддог юм. Жинхэнэ биш сэлбэг нь ерөнхийдөө бага хугацаанд ашиглагдаж, дотроос нь гологдол гарах ба анги бүлэг бүхэн өөр өөр чанартай байдаг. Мөн түүнээс гадна эднийг улам чанаргүйгээр дууриалган хийх нь их байх тул асуудлыг улам муутгадаг талтай. Тийм учраас жинхэнэ биш сэлбэг худалдаж авахдаа маш нарийн сонгох ёстой юм.
Хоёрт, энэ нь жинхэнэ биш сэлбэг бөгөөд ихэнхдээ бэлтгэн нийлүүлэгчийн тодорхойлолт үгүй байх нь элбэг тул тэднийг хэргэлэх нь тодорхой эрсдэлийг дагуулдаг. Солих хугацаа болоогүй байхад элэгдэх, үзүүлэлт нь буурах ба зарим тохиолдолд залгаас эд ангиа жагсаалаас гаргах зэрэг гэмтэй.
Гуравт, жинхэнэ биш сэлбэгийн төрөл зүйл жинхэнээсээ харьцуулшгүй бага байх ба тэд нь гол төлөв хамгийн өргөн хэрэглэгддэг машины элэгдэж хорогдох нь элбэг материал байдаг. Худалдан авах үедээ таны машины загвар төрөлтэй тохирох эсэхийг маш нарийн шалгаж авах. Жишээлбэл, ABS байгаа эсэх нь тоормосны өөр өөр колод ашигласан болохыг харуулдаг бөгөөд энэ нь жинхэнэ биш сэлбэг үйлдвэрлэгчдийн каталогит тэр бүр тусаагүй байж магад. Ер нь ч тэр каталогийн нарийн зөв эсэх нь бас сайн гэх аргагүй байх нь ч бий.
Жинхэнэ биш сэлбэгийг хэрхэн захиалах вэ?
Ихэнх жинхэнэ биш эд анги нь үйлдвэрлэгчийн каталогит өөр өөрийн өвөрмөц дугаартай байдаг. Хэрэв та ийм дугаарын эд анги таны машинд таарна гэж итгэж байгаа \өмнө нь захиалж авч байсан гэх мэт\ бол манай сайтад орж, хэрэв агуулахад сэлбэг байгаа бол төлбөрийн даалгаврыг автоматаар хүлээн авах болно. Ингэж захиалах үед та хамгийн гайгүй үнээр бага хугацаанд захиалж чадах бөгөөд харин эд ангийн дугаарыг зөв тодорхойлох нь таны хэрэг төдийгүй эрсдэлтэй байна. бид бол зөвхөн таны яг тийм дугаарын сэлбэг авахыг чинь баталгаажуулах болохоос таарах эсэхийн төлөө хариуцлага хүлээхгүй юм. Тэгэхлээр та өөрийн сонголтонд сайн итгэхгүй байгаа юм уу, эсвэл баталгаажуулдахыг хүсч байгаа бол манай мэргэжилтэнд хандах болно. Тэгээд захиалга авсаны дараа манай менежэр яг ямар эд анги танд хэрэгтэйг тодорохойлж өгөх юм. Энэ тохиолдолд та өөртөө хэрэгтэй эд ангийг баталгаатай хүлээн авах болно. Манай алдаанаас болж эд анги таны машинд тохирохгүй байгаа бол бид түүнийг хэрэгтэй сэлбэгээр нь үнэгүй сольж өгөх юм уу, эсвэл мөнгийг тань эргүүлж өгөх болно.
Жинхэнэ биш сэлбэгийг захиалахад кузовын бүтэн дугаар ба капотын доорхи хүснэгтийн өгөгдөхүүн яагаад хэрэгтэй байдаг вэ?
Энэ бүхэн болон нь таны машины загварыг нарийн зөв тодорхойлоход хэрэгтэй болдог. Нэг төрлийн хэв маягийн кузовтай машинууд ихэнхдээ өөр өөр янзын загвартай байх нь олонтаа тул таны машины кузовын бүтэн дугаарыг мэдэж байж таны машинд яг тохирох сэлбэг сонгож олох болно.
Хуучин сэлбэгийн тухай асуултууд
Хуучин сэлбэг хэрэгсэл гэж юу вэ?
Японд осолд орсон ба хуучирсан автомашиныг устгахдаа хугацаа нь дуусаагүй эд анги, холбоосыг аваад дараа нь машин засахдаа ашигладаг төдийгүй Япондоо болон гадаадад гаргадаг байна. Ийм ажил нь хүрээлэн байгаа орчинг бохирдуулахгүй сайн талтай тул их дэмждэг юм.
Ийм сэлбэг юугаараа сайн вэ?
Нэгд, үнэ нь хямд, тэд нь жинхэнэ ориг сэлбэгийг бодвол хэд дахин \заримдаа бүр хэдэн арав дахин\ хямд байдаг.
Хоёрт, эдгээр нь анхнаасаа таны машинд зориулж үйлдвэрлэсэн жинхэнэ сэлбэг юм. Японд техникийн үйлчилгээний төвшин өндөр тул тэдний нөөц дуусах болоогүй байхаар барахгүй кузов, салон ба шилэн эд ангийн байдал нь шинээс огт дутахааргүй хэвээр байдаг.
Гуравт, элэгдсэн ганц эд ангийг сольсноос иж бүрдлийг бүхэлд нь гэрээний сэлбэгээр солих нь илүү их үр дүнтэй байдаг.
Ийм сэлбэг юугаараа муу вэ?
Эдгээр нь ямар ч гэсэн эдлэгдэж байсан нөөцийнхөө заримыг барсан эд анги юм.
Харин тэр нөөцийнх хэмжээ хэр хорогдсоныг хэмжих боломж тэр бүр байхгүй тул хэр удаан эдлэгдэхийг хэлэхэд хэцүү.
Бас машинд тавихаас өмнө зарим эд анги, деталийн ажиллах чадварыг шалгах боломж байхгүй.
Хөдөлгүүр, турбин, автомат ба бусад зарим эд ангийг худалдан авч байгаа хүмүүс зөвхөн тэднийг задлах үедээ Японд шалгасан хүмүүсийн мэдлэгт найдахаас өөр аргагүй болно.
Кузовын эд ангийн өнгийг тааруулах аргагүй байх нь их тул дахин будах болно гэдгийг тооцох хэрэгтэй.
Яагаад 3-4 жилээс бага явсан машинд ийм сэлбэг олдох нь муу байдаг вэ?
Яагаад гэвэл ийм машин нь бараг шинэ бөгөөд Япондоо ч гэсэн тэднийг унахыг бодохоос биш задлаж зарахыг боддогүй.
Осолд орж задлагдсан цөөн хэд нь Япондоо эзнээ олдгоос гадна ийм сэлбэгийн үнэ бараг шинэ сэлбэгийнхтэй ижил байх жишээтэй.
Яагаад ийм сэлбэгийн зарим нь баталгаагүй байдаг вэ?
Машинд тавихаас өмнө зарим эд анги, холбоосны ажиллах чадварыг шалгах боломжгүй тэдний бүрэн бүтэн эвдрэлгүй гэдгийг батлах аргагүй.
Түүнээс гадна ихэнх эд ангийг тавьж угсрах нь өндөр мэргэшил шаардах бөгөөд чанаргүй хийсэн ажил тэднийг жагсаалаас гаргаж болно. Тэгэхлээр баталгаа гаргахад хүнд байдаг.
Комментариев нет:
Отправить комментарий